Osaka нь орчин үеийн амьдрал, эрч хүчтэй хотын уур амьсгал, алдартай хоолоороо онцлог бол Kyoto нь уламжлалт соёл, түүхэн сүм хийд, тайван орчноороо ялгардаг. Харин Nara хотод байгаль, түүх, чөлөөтэй зугаалах буганууд хослон жуулчдад өвөрмөц мэдрэмж төрүүлдэг. Эдгээр хотуудаар аялах нь Японы соёл, хөгжил, байгалийн гоо үзэсгэлэнг богино хугацаанд цогцоор нь танин мэдэх хамгийн оновчтой сонголт юм.

Улаанбаатар Чингис хаан олон улсын нисэх буудлаас 13:00 цагт МИАТ-ийн нислэгээр нисээд Япон улсын Кансай онгоцны буудал дээр 18:00 цагт бууна. Хөтөч тосч аваад Осака хот руу хөдлөх болно. Осака хотод очоод оройн хоолондоо орсны дараа буудлаа хүлээн авч амрах болно.
(Жич: Япон улсын газар зүйн онцлогоос хамаарч зочид буудлын өрөөний км2 нь жижиг байдаг)
Өглөөний цайгаа уугаад Киото хот руу хөдлөн АРАШИЯАМА хулсан ойд зочлох болно. Киото хотын баруун хэсэгт орших энэхүү хулсан ой нь Японы байгалийн хамгийн үзэсгэлэнт, тайван орчны нэг юм. Өндөр ургасан хулсан моддын дундуур алхан байгалийн нам гүмийг мэдрэн, зургаа авхуулах боломжтой. Дараа нь бид Алтан сүм гэж нэрлэгдэх Японы Киото хотын хойд хэсэгт байрлах, алтаар бүрсэн үзэсгэлэнт сүмээр зочлох бөгөөд жуулчдын дунд хамгийн алдартай газар юм. Уг сүмийн дээд хоёр давхар нь цэвэр алтаар бүрэгдсэн гэдгээрээ онцлог ба байгалийн үзэмж, уран барилгын төгс зохицол, сэтгэл татам орчин зэргээрээ алдартай. Үүний дараа бид Киото хотод байрлах хамгийн алдартай шинто шашны сүмүүдийн нэг FUSHIMI INARI TAISHA орох юм. Фүшими Инари Тайша бол Киото хотын өмнөд хэсэгт байрлах, Японы хамгийн алдартай Шинто сүм бөгөөд “мянган улаан хаалгатай зам (Senbon Torii)”-раа дэлхий даяар алдартай. Үүний дараа бид Осака хот руу хөдлөн оройн хоолондоо орсны дараа буудалдаа очин амрах болно.
Өглөөний цайгаа уугаад Осака хотын төвд орших Осака цайзаар зочлох болно. Энэхүү түүхэн цайз нь Японы хамгийн алдартай дурсгалт байгууламжуудын нэг юм. OSAKA CASTLE-д зочлох үеэр цайзын дотоод музейг үзэж, самурайн үеийн түүх, соёлтой танилцах боломжтой. Мөн цайзын орчны өргөн цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, улирлаас шалтгаалан сакура цэцэглэх үеэр гайхамшигтай байгалийн үзэмжийг сонирхох боломжтой. Дараа нь бид Осака Аквариумаар зочлох болно. Энэхүү аквариум нь дэлхийн хамгийн том, сонирхолтой далайн амьтдын үзвэрүүдийн нэг юм. Осака аквариум-д зочлох үеэр Номхон далайн экосистемийг дуурайлган бүтээсэн олон давхар танхимуудаар аялж, төрөл бүрийн далайн амьтдыг ойроос харах боломжтой.
Энд WHALE SHARK зэрэг ховор, аварга амьтдыг үзэхээс гадна медуз, оцон шувуу, далайн хав зэрэг олон сонирхолтой амьтдыг нэг дороос үзэж сонирхоно. Үзмэрүүд нь байгалийн орчныг бодитоор харуулдаг тул хүүхдүүдэд танин мэдэхүйн маш тохиромжтой орчин болдог. Дараа нь бид “ҮМЭДА СКАЙ БЮЛДИНГ” (UMEDA SKY BUILDING) -р зочлох болно. Осака хотын орчин үеийн архитектурын бэлгэ тэмдэг болсон энэхүү барилга нь хоёр цамхагийг дээд хэсгээр нь холбосон өвөрмөц хийцтэй. UMEDA SKY BUILDING-ийн хамгийн алдартай хэсэг бол “FLOATING GARDEN OBSERVATORY” буюу дээврийн ажиглалтын тавцан бөгөөд эндээс хотыг 360 градусаар тольдон харах боломжтой.
Зочид шилэн хонгилоор дамжин дээш гарч, Осака хотын тэнгэр баганадсан барилгууд, гол мөрөн, нар жаргах гайхамшигт үзэмжийг сонирхоно. Ялангуяа оройн цагт хот гэрлээр гялалзах үед маш романтик, дурсамжтай уур амьсгал бүрддэг. Оройн буудалдаа очин цагыг чөлөөтэй өнгөрүүлэх болно.
Өглөө цайгаа уугаад Нара хот руу хөдлөх болно. Японы хамгийн эртний нийслэл гэж нэрлэгддэг Нара паркийг үзэж сонирхох бөгөөд энэхүү парк дээр бид олон тооны бугыг дэргэдээс нь харах боломжтой бөгөөд байгалийн цогцолбор газар юм. Үүний дараа Тодай-жи буюу Японы Нара хотод орших дэлхийд алдарт Буддын шашны сүмийг үзэж сонирхох болно. Энэхүү сүм нь VIII зуунд (МЭ 752 он) байгуулагдсан түүхэн дурсгалт байгууламж бөгөөд Японы буддын шашны төвүүдийн нэг ба Нарагийн бэлгэ тэмдэг болсон газар юм.
Үүний дараа бид Осака руу буцна. Осакад очоод орой нь бид Dotonbori дүүргийн шөнийн амьдралтай танилцах болно. Dotonbori нь Осака хотын Нанба бүсэд орших, гэрэл чимэглэл, гудамжны хоол, ресторан, караоке, баар, худалдаа үйлчилгээний төвлөрсөн газар бөгөөд шөнийн амьдралаараа Японд хамгийн алдартай бүсүүдийн нэг юм.
Энэ өдөр аялагчид худалдан авалт хийх гэх мэт зүйлсийг хийж чөлөөтэй өнгөрүүлэх боломжтой.
Өглөөний цайгаа уугаад 12цагт буудлаа хүлээлгэн өгч 16:00 цаг хүртэл чөлөөт цаг тул дэлгүүр хэсэх, нэмэлтээр төлбөртэй халуун рашаанд орох зэрэг зүйлсийг хийх боломжтой. 17:00цагт Кансай нисэх онгоцны буудал дээр очин аялагчдаа гаргаж өгөөд аялал дуусна. Улаанбаатар чиглэлийн нислэгээр 19:00 цагаас нисэж оройн 22:50 цагт газардах болно.







