Та Дундговь аймагт байрлах байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газруудыг үзэж, шөнийн тэнгэр дэх үзэсгэлэнт оддыг ажиглах болно.

Улаанбаатар хотоос гараад Бага газрын чулуун зүг явна. Уг уулын ам, хоолой, хөндийд олон булаг шанд урсахаас гадна эртний булш, хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгалууд байдаг. Тус чулууны ойр орчмоос хүрлийн үеийн хэрэгсэл, булш, эд өлгийн зүйлс олдсон нь хүрлийн үед ч энэхүү чулуун тогтоц байсан гэдгийг баталж байна. Жуулчны баазад буудаллаад энэ өдөр морин аялал болон явган аялал хийх боломжтой.
Өглөөний цайгаа уугаад дараагийн маршрут болох говийн үзэсгэлэнт Цагаан суварга руу хөдөлнө. Цагаан суварга нь 400 метр урт, 60 метр өндөр, 90 градусын хажуутай цавчим мөргөцөг юм. Энэ газар нь эрт цагийн далайн ёроолын тунамал шаварлаг хурдасны давхаргаас үүссэн бөгөөд алсаас харахад суварга мэт харагддаг тул ийнхүү нэрлэгдсэн. Энэхүү өвөрмөц тогтоц нь Монголын 9 гайхамшгийн нэгт тооцогддог. Жуулчны бааздаа байрлаад амарна. Хэрэв хүсвэл “Сэтгэшгүй оддын чуулган” арга хэмжээнд нэмэлт төлбөртэй оролцох боломжтой.
Өглөөний цайгаа уугаад Улаанбаатар хотын зүг хөдөлнө. Замдаа Мандалговь суурин газраар орж тухайн аймагтай танилцана. Өдрийн хоолоо тэнд идээд цааш хөдөлж, Улаанбаатар хотод ирэн оройн хоолоо Монгол хоолны ресторанд иднэ.









